
Мэргэжил сонгох нь ямар нэгэн сургуульд элсэн орох тухай асуудал биш, хүний амьдралын ирээдүйн хувь заяаг тодорхойлж байдаг. Ийм учраас ажил мэргэжлээ сонгох шийдвэр гаргах үйл явцад ихээхэн ул суурьтай, нухацтай хандах шаардлагатай.
Цаг хугацаа гэдэг ч амархан юм аа. Өчигдөрхөн л өөдсийн чинээхэн байсан сөөсгөр хүү маань өнөөдөр ийм өндөр залуу болчих гэж. Дунд сургуулиа удахгүй төгсөх гэж байдаг. Элсэлтийн шалгалт хаяанд ирсэн энэ мөчид охид, хөвгүүд ямар мэргэжил эзэмших билээ ямар сургууль сонгох билээ гэж сэтгэл нь гэгэлзэн байгаа.


Хүүгээ ямар сургуульд оруулдаг юм билээ. Гайгүйхэн боловсролтой болгочихвол аяндаа болно биз. Ямар мэргэжилтэй болговол дээр юм бол доо гэх ээж, аав нарын яриа хааяагүй чих дэлсэнэ. Хаврын хавартаа л төгсөгчдийн ярианы гол сэдэв энэ байдаг. Биднийг хором ч хүлээхгүй цаг хугацаа үргэлжилдгээрээ үргэлжилж, амьдрал ч тэр хэрээр хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнөхөн л эдийн засагч, хуульч, хэлмэрчийн мэргэжил моодонд орж, тэднийг бэлтгэх сургуулиуд шил дараалан байгуулагдаж байсан бол өнөөдөр байдал арай өөр тийшээ эргэж байна.
Эцсийн шийдлийг хүү маань өөрөө хийх болно. Харин цаг үеийн бодит байдал ямар байгаа талаар одоо сонирхоцгооё. Амьдрал хэмээх далайд хөлөг онгоцоо залуурдахаар зэхэж буй охид хөвгүүддээ нийтлэлээ зориулж байна. Ямар мэргэжил хамгийн ирээдүйтэй нь вэ?
Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Монголд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий. Тоон баримт сонирхуулахад өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн биржид ажил олгогчид 61 мянган ажилчин авах захиалгаа өгснөөс 53 мянган хүн ажлын байртай болсон байна. Ажлын байрны захиалгын 14 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд мэргэжлийн 8 хувийг мэргэжлийн анхан шатны, 47 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс авахаа мэдэгджээ. Харин 16-24 насныхны 3 хувь, 25-35 насныхны 34 хувь, 35-44 насныхны 47 хувийг ажилд авах хүсэлтэй байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн байна. Тэгэхээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүд маань боловсрол мэргэжил ямар чухал байгааг та анзаарсан байх аа. Төгсөгчид ямар хичээлийн шалгалтыг хамгийн их, ямрыг нь бага сонгож өгч байна вэ гэдгийг нийтлэлийн маань графикаас та хараарай.
Харин өнгөрсөн онд их, дээд сургуулиудаас хамгийн эрэлттэй нь төрийн өмчийн сургуулиуд байна. Төгсөж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь дээрх сургуульд элсэх хүсэлтэй байгаа нь судалгаанаас харагдлаа. Тэр хэрээрээ хамгийн өндөр оноотой, сайн сурлагатай хүүхдүүд дээрх сургуулиудад элсчээ. Эхний байруудад МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС оржээ. Дунджаар 700-805 оноотой хүүхдүүд эдгээр сургуулийн босгыг давах эрхээ авчээ.
Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Би юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш.
Мэргэжил сонголт хийх гэж байгаа хэн бүхэн дараах зөвлөмжид анхаарлаа хандуулаарай.
Нэгдүгээр алхам.
Юуны өмнө хүүхэд залуучууд мэргэжлийн талаар тодорхой ойлголт төсөөлөлтэй болох нь чухал. Өөрөөр хэлбэл мэргэжлүүдийг судална гэсэн үг. Хүүхдүүдийн дунд тохиолддог түгээмэл бэрхшээлийн нэг бол мэргэжлийн тухай ойлголт төсөөлөл хангалтгүй буюу алдаатай байдаг явдал юм.
“Өнөөдөр дэлхий дээр 40000 гаруй мэргэжил байна” гэсэн дүгнэлтийг судлаачид тоймлон гаргажээ. Энэ олон мэргэжил, мэргэжлийг бүгдийг судалж мэдэхэд бэрхшээлтэй учир тэдгээрийг үндсэн таван төрөлд хуваан авч үзсэн байдаг. Тэдгээр мэргэжлийн ангиллыг сонирхон судалж авч үзээрэй.
Хүн - Хүнтэй харилцдаг мэргэжлүүд /багш, эмч, цагдаа гэх мэт/
Хүн - Техниктэй харилцдаг мэргэжлүүд /инженерийн чиглэлийн мэргэжлүүд
Хүн - Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /малын эмч , биологич, ой судлаач гэх мэт/
Хүн - Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /нягтлан бодогч, программ хангамж гэх мэт/
Хүн - Уран сайхны дүртэй харьцдаг мэргэжлүүд /зохиолч, жүжүгчин, дуучин гэх мэт/
Хоёрдугаар алхам.
“Сайхан мэргэжил – Эрэлт хэрэгцээтэй” гэж зөвхөн нэг өнцгөөс харан ойлгож, сэтгэлийн хөөрлөөр хандаж шийдвэр гарган, сонголт хийснээс болж жинхэнэ ажлын талбар дээр гараад ирэхээрээ эзэмшсэн мэргэжилдээ эргэлзэх, дургүй болох, авъяас чадвар дутагдах ,ажил хөдөлмөрөөрөө бахархах бахархал буурах зэрэг таагүй үр дагавар гарч болох талтай. Иймээс мэргэжлийн тухай мэдээллийг авах явцдаа түүний нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын аль алийг нь судалж мэдсэн байх чухал юм.
Гуравдугаар алхам.
Мэргэжлийн хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцон, дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй байдаг. Зарим хүүхдүүд хаана хандаж, хэнээс тусламж зөвлөгөө авахаа сайн мэддэггүй. Ялангуяа өөрийнхөө талаар илүү мэдээлэл баримжаа авах, ур чадвараа нээн илрүүлэх, таних, авъяас чадамж, онцлогуудаа мэдэх хэрэгтэй. Үүний тулд манай мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж болно. Ерөнхий боловсролын сургуульд энэ чиглэлийн шинжлэх ухааныг төдийлөн судалдаггүй учир хүүхдүүд өөрсдийн сэтгэл зүйн онцлог, авъяас чадамж, “Би” төсөөллийн талаархи мэдлэг дутмаг байдаг.
Дөрөвдүгээр алхам.
Суралцагчид өөрийнхөө сэтгэл зүйн хувийн онцлог талууд, хүсэл сонирхол, авъяас чадамжуудыг судалж таньсан байх хэрэгтэй болно. Хүн өөрийн илүү хийж чадах боломжтой, авъяас нөөцөд тохирсон мэргэжлээ сонгох ёстой. Тухайлбал хэл ярианы чадвар сайтай, эелдэг уриалгахан, нийцтэй зан чанартай, бусдын сэтгэл санааг ойлгож чаддаг мэдрэмжтэй, биеэ эзэмдэн хянах тэсвээр тэвчээртэй, өөдрөг үзэл бүхий хүн бол “Хүн – хүнтэй”харилцдаг мэргэжлийг эзэмшихэд илүү тохиромжтой. Өөрийн хүсэл сонирхол, авъяас чадамжид тохирсон мэргэжлээ сонгож эзэмшвэл илүү чадварлаг сайн мэргэжилтэн болохын зэрэгцээ ажилдаа урам зоригтой, сэтгэл хангалуун байж чадах билээ. Ямарч ажил мэргэжил хүнийг алдар нэр хүнд, чинээлэг сайхан амьдралд хүргэнэ. Энэ талаас нь авч үзэх юм бол муухай ажил мэргэжил гэж байхгүй. Сонирхсон ажлаа хийгээд, тэрнээсээ таашаал аван, тохирсон цалин хөлс авч амьдарна гэдэг сайхан шүү дээ.
Тавдугаар алхам.
Мэргэжил бүхэн тодорхой авъяас чадвар, нөөц боломжууд, сэтгэл зүйн онцлог шинж чанаруудыг эзэмших гэж буй бие хүнээс шаардагдаж байдаг. Иймээс сонгох гэж байгаа мэргэжил маань ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг чадамж, авъяас сонирхол, хүсэл тэмүүлэл, сэтгэл зүйн хувийн
онцлог чанаруудыг шаарддаг болохыг урьдчилан мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд сайн судлах хэрэгтэй.
Зургадугаар алхам.
Дээрхи алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ? гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог төрийн болон төрийн бус маш олон сургуулиуд байгаа. Мэргэжилтэн бэлтгэдэг боловсон хүчний хэрэгцээ, чадамж, материаллаг бааз, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж зэрэг зүйлсийг харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал.
Дээр яригдсан бүхнээс харахад мэргэжил сонголт нь урсгалаар явагддаг зүйл биш, суралцагч, хувь хүний идэвхи оролдлого, овсгоо самбаа, санаачилга, хариуцлагатай байдал, мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах нарийн үйл явц юм.
Бодит байдал дээр манай зарим залуучууд өөрийгөө сайн таньж мэдээгүйгээс, хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил хэрэгцээтэй байгаа болон илүүдэлтэй байгааг судлалгүй мөн төгсөөд яг ямар ажил хийхээ мэдэхгүйгээр зөвхөн дээд боловсролын төлөө сэтгэлийн хөөрлөөрөө их дээд сургуульд элсэн суралцаж хайран цаг, мөнгөө үрдэг. Тиймээс өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадвар, сэтгэл зүйн онцлог зэрэгт тулгуурлан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр мэргэжил сонголтоо хийх нь чухал бөгөөд энэ тал дээр мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Монголын мянганы сорилтын сангийн Техник, мэргэжлийн боловсролын сургалтын төслөөс хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох чиглэлээр хамгийн сүүлийн үеийн төрөлжсөн судалгаа хийжээ. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд улсын хэмжээний нийт аж ахуйн нэгж, байгууллагын 3.6 хувьтай дүйцэх 11 салбарын 1323 байгууллагыг хамруулсан байна. Судалгааны үр дүнд хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байх 20 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.
Дараах жагсаалтаар Монголд хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг харууллаа.
Далд ба ил уурхайчин
Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
Тариаланч, ногоочин
Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
Загасчин, түүгч/хураагч
Барилга угсралтын туслах ажилтан
Зочид буудал, оффис, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
Үйлдвэрлэлийн ажилтан
Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
Бараа танилцуулан худалдаалагч
Уул уурхай инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
Иргэний барилгын туслах ажилтан
Шаварчин, засалчин
Иргэний барилга байгууламжийн инженер
Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
Барилгын болон бусад цахилгаанчин
Зөөгч
Ерөнхий мэргэжлийн их эмч
Уурхай, металлургийн техникч гэсэн ажлууд байна.
Харин дараах жагсаалт нь Монголын топ 10 мэргэжил юм.
1. Архитектор
Хэрэв санхүүгийн салбар хямраагүй бол манай барилгынхан одоо байгаагаасаа ч илүү бүтээмжтэй байх байсныг өөрсдөө өгүүлдэг. Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэцгээж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог.Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс ч чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.
2 Төсөвчин
Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүдийн дотроос "бизнес харилцаа”-нд хамгийн түрүүнд орсон нь төсөвчид.Энэ нь тэдний ажил, үйлчилгээний үнэлэмжийг багагүй өсөн нэмэгдэхийн угтал нөхцөл болсон юм. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.
3 Геологич
Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлтэйд орох геологичид уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд тэртэй тэргүй "бриллиант” байх нь ойлгомжтой. Орд илэрцийг олж нээхээс гадна, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа оруулдаг тэдний үр ашиг их.
4 Уул уурхайн инженер
Оюутолгой төслийнхөн ашиглалтаа эхлэх гэтэл мэргэжилтэй боловсон хүчин дутагдав гэсэн мэдээлэл сүүлийн үед улиг болж байна. Зөвхөн энэ төсөлд л гэхэд 90 хувь нь монголчууд байх ёстой. Цаана нь Тавантолгой, Хөшөөт, Цагаансуварга гээд олон том ажлууд бий. Үндсэндээ уул уурхайн ажлын "boom” болж буй ч, инженерүүд нь "сөөм” төдий байгаа. Ховрын юм үнэ цэнэтэй байдаг даа.
5 Гоо сайхны мэс засалч
Сайхан байх хүслэн зөвхөн оддынх биш. Гоо сайхны мэс ажилбар харьцангуй нийтлэг хэрэглээ болсныг бүсгүйчүүдийн нүднээс харж болно. Давхраа хийх бяцхан зүсэлт дунджаар 250 000 төгрөгийн үнэтэй. Энэ бол эхлэлийн үнэ гэж ойлгож болно. Цааш цааших ажлууд улам ханшжсаар хэдэн мянган долларт хүрдэг.
6 Барилгын инженер
Газрын гадаргуу дээр байшин барилга хэрхэн тогтож босох хуулийг энэ хүмүүс мэддэг. Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол "үнэ цэнэтэй тоглогч”. "Нүхээ олсон” чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийн. Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй бололтой.
7 Хүнд даацын автомашины жолооч
Жолооны үнэмлэх дээрээ "Е” ангилалтай, 50-аас доошгүй тонны даацтай машинтай жолоочийн ажил цагт дунджаар 100 ам.долларын үнэлгээтэй. Тээврийн компаний жолооч нар орлогоо байгууллагатайгаа хуваалцаж таарна. Ерөнхийдөө ажлын үнэлгээ нь өндөр.
8 Өндөр зэрэглэлийн рестораны тогооч
Тогтмол орлоготойд тооцож болох энэ ажлын олдоц ховор, шалгуур өндөр. Ресторан хэдий чинээ өндөр зэрэглэлийнх байна, тогоочийн цалин төдий хэмжээгээр өснө. Тохижилт сайтай гал тогоог нөхцөл муутайд тооцож таарахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахисан харин ч таатай ажлын байр гэж болно.
9 Нотариатчин
Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байр харьцангуй цөөн. Шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа магдаахан гээд дуусна. Ихэнх нь төрийн албан хаагчдын цалингийн сүлжээгээр цалинжина. Харин эдэн дотроосоо өмгөөлөгч, нотариатчид "эвээ олчихсон” гэхэд болно. Ажлын нөхцөл нь ч муугүй, үнэлэмж нь өндөр. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаасаа шалтгаалаад нотариатчид ажлаа тэр үнийн тодорхой хувиар тогтоодог. Зуун саяын худалдааны гэрээнд тамгаа дараад арваас доошгүй саяыг авна гээд бод доо.
10 Маркетингийн менежер
Хувийн хэвшлийнхний дунд сүүлийн үед "моод” болж буй үзэл санаа маркетерүүдийг хаданд гаргаад байгаа. "Хоосон цаасыг ч худалдана” гэх уриа дэвшүүлсэн овжин, сэргэлэн залуус компаниудад зонхилох байр суурьтай байна. Мэдээж, цалин хөлс нь ч энэ байр сууриа дагаад бусдаасаа арай ахиу байдаг байна.
Ахлах сургуулиа төгсөж байгаа болон мэргэжлээ сонгох шаардлагатай бүх хүмүүст зориулав.
Амжилт хүсье.
